ТОДОРХОЙ ЖУРМЫН ДАГУУ ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОЛОО

217713161_257063349559336_4744332923740202181_n.jpg

Аймгийн Онцгой комиссын 34-р хурал 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо. Хурлаар коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын нөхцөл байдал, аймгийн Засаг даргын 2021 оны А/366 дугаар захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах, цаг үеийн бусад нөхцөл байдлын талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, нийтийг хамарсан баяр амралтын өдрүүдэд орон нутгаас гарах чиглэлд smart.dornogovi.gov.mn цахим бүртгэлд бүртгүүлж зөвшөөрөл авч зорчсон орон нутгийн иргэдээс түргэвчилсэн шинжилгээг 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй, бусад иргэдээс журмын хүрээнд төлбөртэй шинжилгээ авч нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ. Харин Улсын онцгой комиссын 23-р хурлын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хот болон бусад аймгаас Дорноговь аймаг руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажлаас бусад иргэдийн зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалт хэвээр үргэлжлүүлнэ. Мөн аймгийн Засаг даргын 2021 оны А/366 дугаар захирамжийн дагуу аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг, орон нутаг руу хувийн болон албан ажлаар явах иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан зохих зөвшөөрлийг үндэслэн зорчуулах шийдвэр хэвээр үргэлжлэх юм.Өнгөрсөн 10 хоногийн байдлаар аймгийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын батлагдсан 152 тохиолдлын тоо бүртгэгдсэн байна. Амралт аялал, зугаалгаар эрсдэлт бүс нутгаар зорчсон иргэдээс цаашид өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул голомтот бүс нутгаар зорчихгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаадлагатай байгааг мэргэжлийн байгууллага энэ үеэр онцоллоо. Мөн голомтот бүс нутгаар зорчсон тохиолдолд гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлагдаж, 6 дахь хоногт Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж үнэ төлбөргүй шинжилгээ өгөхийг иргэдэд анхаарууллаа.

scroll to top