Г.Ариунбуян: Бид алба хаагчдаа орхихгүй. Эмчилгээний дараа ажиллах нөхцөлийг нь хөнгөрүүлнэ

Ariunbuyan-general.jpg

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймрийг унтраахаар очсон Онцгой байдлын дөрвөн залуу гал түймэрт өртөж, түлэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Аврагчид нүүр, гар, нуруу зэрэг биеийн хэсэг түлэгдсэн юм. Тэгвэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад эрүүл мэндээрээ хохирсон залууст ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.

– Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан гал түймрийн улмаас дөрвөн гал сөнөөгч түлэгдсэн хэрэг гарсан. Аврагчдын биеийн байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

– Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цаг мөч бүрт бэлэн байх үүрэг хүлээдэг өндөр шаардлага тавигддаг онцлогтой алба. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг дэвсгэрт ойн түймэр гарах үеэр Булган аймаг дахь Онцгой байдлын газрын томилгоот бүрэлдэхүүн ажилласан юм. Түймрийн үеэр голомтод ажиллаж байсан алба хаагчид түймрийн уулганд өртсөн. Тус аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат аймгийн Эрүүл мэндийн төв, Бүсийн оношлогооны төвд хэвтэн эмчлүүлж байгаад улмаар ГССҮТ рүү шилжилж, 20 гаруй хоног эмчлүүлсэн. Биеийн байдлыг нь авч үзвэл, өндөр зэргийн түлэгдэлтэй. Урьдчилсан байдлаар ЗА, Б мөн дөрөвдүгээр зэргийн түлэгдэлтэй гэж үзэж байгаа. Монголд эмчлэх боломжтой эсэх талаар ГССҮТ-ийн салбар зөвлөлийн шинжээчид дүгнэлт гаргах юм билээ. Бидний зүгээс алба хаагчдынхаа эрүүл мэнд, эмчилгээний тал дээр анхаарал хандуулж ар гэрийнхэнтэй нь байнга холбогддог. Түүнчлэн Сэлэнгэ сум болон Богд ууланд гарсан түймэрт түлэгдсэн алба хаагчдад нөхөн сэргээх, түлэгдэлтийн эмчилгээ хийлгүүлсэн.

– Онцгой байдлын газраас галд түлэгдсэн иргэдэд яаж тусалж байна вэ?

– Онцгой байдлын ерөнхий газраас холбогдох хууль тогтоомжийн хүрээнд алба хаагч тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Ахлах ахлагч Э.Үнэнбатын хувьд Булган аймгийн Онцгой байдлын газраас хоёр сая төгрөгийн тусламж, Орхон аймгийн Засаг Даргатай хамтран 5×6 хэмжээтэй байшин, хашаа олгосон. Мөн давтан сургалт, сэргээн заслын төв Жаргалант сувилалд ар гэрийнхэнтэй нь хоёр долоо хоногийн хугацаанд сувилсан зэрэг боломж бололцооныхоо хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын түвшинд албан үүргээ гүйцэтгэж байгаад тодорхой хэмжээний эрсдэл хүлээсэн албан хаагчдад 10 хүртэлх сая төгрөгийн тодорхой дэмжлэг үзүүлдэг юм байна.

Тиймээс холбогдох асуудлуудыг судлан мэдээлэл, танилцуулгад бэлдэн Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн.

Түүнчлэн хэд хоногийн өмнө Дорнод аймгийн Онцгой байдлын газрын түймэрт өртсөн алба хаагчдад 10 сая төгрөгийн тусламж Засгийн газрын нөөц сангаас шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үүнтэй адил шийдвэрлүүлэхээр Засгийн газарт өргөн барина гэсэн үг. Мөн Онцгой байдлын газрын хэмжээнд хандивын аян өрнүүлж байна.

– Эдгээр алба хаагчдын эмчилгээний зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?

– Алба хаагчдыг “Миг даатгал”-ын гэнэтийн ослын даатгалд хамруулсан байдаг. Даатгалын хэмжээ нь 35 сая төгрөг. Гэрээний дагуу даатгалын компаниас алба хаагчдын эмчилгээний зардлыг өдрөөр тооцож, олгодог. Одоогийн байдлаар 3.9 сая төгрөгийг даатгалын компаниас олгосон.

– Э.Үнэнбатын хувьд хоёр гар нь хөдөлгөөнгүй болсон гэсэн. Эмчилгээ нь дууссаны дараа тэдний гэр бүлд яаж туслах вэ. Мэдээж хөдөлмөрийн чадамжаа алдаж байгаатай ялгаагүй болно шүү дээ?

– Албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртсэн алба хаагчаа бид орхихгүй. Бүхий л талаас нь дэмжиж тусална. Эрүүл мэндийн үйлчилгээг нь бүрэн хийгдэх хүртэл анхаарлаа сулруулахгүй. Мөн ирэх сарын 8-ны өдөр БНСУ-ын мэргэжлийн эмч нарын баг ГССҮТ-д ирж ажиллана. Энэ үеэр ахлах ахлагч Э.Үнэнбатыг эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар жагсаалтад нь оруулсан. Түүний эмчилгээ дууссаны дараа бидний зүгээс ажлын нөхцөлийг нь хөнгөлөх тал дээр анхаарна. Гэхдээ өмнө нь авч байсан цалин хөлсний хэмжээг бууруулахгүй.

– Гал сөнөөгчдийн ой, хээрийн түймэрт ажиллах үед хэрэглэдэг хувцас хэрэглэл ихээхэн дутмаг байдаг гэсэн. Хувцас хэрэглэлийг хангалттай хэмжээнд хүргэхийн тулд хичнээн төгрөг шаардлагатай байна вэ?

– Хувцас хэрэглэл дутмаг байгаа Засгийн газрын зүгээс нөхцөл байдлаас шалтгаалан 700 гаруй сая төгрөгийн хувцас хэрэглэл авах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хөрөнгийн дийлэнх нь ой, хээрийн түймрийн зориулалттай хувцас хэрэглэл худалдаж авахад зориулагдана. Бидний хийсэн судалгаагаар техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн асуудлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангамжийг үе шаттайгаар төсөвт суулгах, мөн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сайжруулж байна.

Тухайлбал, Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд аврах гал унтраах зориулалтын техник тоног төхөөрөмжийг сайжруулах 3 сая еврогийн төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

Төслийн хүрээнд 15 автомашин, дагалдах хэрэгсэл нийлүүлэгдсэн. Мөн Беларусь Улсын Засгийн газрын Ерөнхий экспортын зээлийн хүрээнд 70 гаруй автомашин, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлэх асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэж, УИХ-д өргөн барьсан. Энэ мэтчилэн УИХ, Засгийн газрын зүгээс Онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна.

– Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахаар хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

– “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг 2017 онд баталсан. Энэ хуульд алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хэд хэдэн заалт тусгагдсан байдаг. Тухайлбал, Онцгой байдлын газрын алба хаагчид мэргэжлийн зэрэгтэй байна гэж хуульчилсан. Үүний дагуу улсын төсөвт мэргэжлийн зэрэг олгохтой холбогдуулан 2.7 тэрбум төгрөг суулгасан. Энэ хүрээнд энэ оны долдугаар сард батлагдсан журмын дагуу бүх алба хаагчдын дунд мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулсан. Энэ нь алба хаагчдын цалин дээр тодорхой хэмжээний нэмэгдэл урамшуулал олгохоос гадна мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хөшүүрэг болох юм. Хоёрдугаарт, гал сөнөөгч онцгой гавьяа байгуулсан тохиолдолд 100 хүртэлх сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор хуульчилсан. Тухайлбал, өнгөрсөн онд ажил үүргээ гүйцэтгэсэн үр дүнгээр нь дөрвөн алба хаагчийг тус бүр 16 сая төгрөгөөр урамшуулсан.

– 2017 онд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч иргэд, аж ахуйн нэгжээс хандив цуглуулж, чамгүй мөнгө цугласан. Гэвч хэрхэн зарцуулсан талаар ихээхэн маргаантай байдаг. Энэ талаар мэдээлэл өгөх боломжтой юу?

– Онцгой байдлын байгууллагад нийт 1.4 тэрбум төгрөгийн хандив цугласан. Энэ хандивын мөнгөөр алба хаагчдад нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангах хүрээнд зарцуулсан. Энэ талаарх мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд мэдээлж байсан. Тухайлбал, усчин аврагч, уулчин аврагчийн хувцас хэрэглэл, аврах ангиудад явагдаж байгаа автомашины дугуй сэлбэг хэрэгслүүд муудсан байдаг. Тиймээс хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүднээс тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг сайжруулах чиглэлээр шаардлагатай багаж хэрэгслийг хангах ажлыг хандиваар цугласан мөнгөөр хийсэн.

– Гал сөнөөгчдөд тоног төхөөрөмж хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь. Энэ нь хүрэлцээтэй байж чаддаг уу?

– Техник төнөг төхөөрөмж 100 хувь хангалттай гэж хэлж чадахгүй. Тухайлбал, аврах, гал унтраах машины хангалт өнөөдрийн байдлаар 50 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалт 30, 35 хувийн хангалттай, холбоо зарлан мэдээллийн багаж хэрэгслийн хангалт 21 хувьд байна. Бид бүхний зүгээс улс орны байдал хүнд байгаа үед олон улсын байгууллага бусад улстай хамтарч ажилласан хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх замаар техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

Б.Лхам

scroll to top