Аймгийн Засаг даргын 2022 оны А/58 дугаар захирамж, Онцгой байдлын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага явуулах нэгдсэн төлөвлөгөөний дагуу ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийг чадавхжуулах сургалтыг Сайншанд суманд зохион байгууллаа.
Сургалтын үеэр болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Галын аюулгүй байдлын тухай хууль, Мэргэжлийн ангийн дүрэм, Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, Эмнэлгийн анхны тусламж сэдвүүдээр танхимын сургалтыг 2 цагийн хугацаатай зохион байгуулж, хээрийн үүргэвчний бэлэн байдлыг үзэж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн.
Мөн өндөр барилгад гарсан түймрийг унтраах, нэрвэгдэгчийг эрэн хайх, аврах дуурайлган үзүүлэх дадлага, сургуулийг хийж, гал унтраагуур ашиглан гал түймэр унтраах дадлагыг мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнээр хийлгэлээ.
Тус сургалтад Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 130 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж, гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн юм.

