АВРАГЧИД 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА

L2J9GKKPzq7jpcRJo51F.jpg

Сүхбаатар аймгийн Онгон сумын төвөөс Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан Сайншанд сумын 4 иргэн 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагийн орчимд гараад сураггүй байгаа мэдээлэл Онцгой байдлын газарт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 05:30 цагт  ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Өргөн сумын Баянмөнх 3-р баг /сумын төвөөс зүүн хойш 85км, аймгийн төвөөс зүүн зүгт 160 км/ Модонгийн худгийн Живчидийн булаг гэдэг газарт хүрэлцэн очиход тухайн тээврийн хэрэгсэл төөрч замаасаа гарч цасан хунгарт суусан байсныг олж аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж /2 том хүн, 2 хүүхэд/ 4 иргэний амь насыг авран хамгаалсан юм.

Сүүлийн өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахтай холбоотойгоор малчид малын бэлчээрлэлтэд анхаарч, малаа ойр бэлчээрлүүлэх, бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх, гэнэтийн салхи, шуурганд малтайгаа уруудах, төөрөх, хөлдөх, осгох аюулаас урьдчилан сэргийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийг хараа хяналтгүйгээр орхихгүй, гадагш явуулахгүй байх, жолооч нар шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд зорчихгүй байх, зорчих шаардлага гарвал тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг онцгойлон анхааруулж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
        

scroll to top