Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Орхон аймгуудын зарим газраар бороо орж, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын нутгаар шороон шуургатай байсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, баруун аймгуудын зарим, төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 10-15 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал:  10-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутаг, 2-нд зарим газраар, 3-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд говь талын нутгаар 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 10-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө  14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 09:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:08 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багт 4х3 метрийн хэмжээтэй хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 10:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар 6 алба хаагч, 1 автомашинтай 500 метр замыг туулан 10:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.  

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт иргэн Б-гийн “Ниссан Санни” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 11:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 11:25 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багт 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 11:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 11:50 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 13:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 13:46 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн тааз шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 14:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дүгээр ангийн 8 алба хаагч, 2  автомашинтай 10 км замыг туулан 15:02 цагт очиж, 28 минут ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 18:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 18:23 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Ачуут багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09.29-ний өдрийн 22:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1,5 км замыг туулан 22:18 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 20 алба хаагч, ЗДТГ-ын 28 ажилтан, орон нутгийн 120 иргэн, нийт 184 хүн, 36 автомашинтай ажиллаж, 09.25-ны өдрийн 13:45 цагт түймрийг цурманд оруулсан. 09.29-ний өдрийн байдлаар цурмыг цэвэрлэн унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Онгон сумын Монгол Улсын 978, 979 дүгээр тэмдэгт /сумын төвөөс зүүн урд зүгт 89 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 20:33 цагт хүлээн авч тус аймгийн Онгон сум дахь Хилийн 0184 дүгээр ангийн “Асгат” заставын 23 алба хаагч, 4 автомашинтай 13 км замыг туулан 20:35 цагт очиж,  мөн өдрийн 21:30 цагт цурманд оруулж, 22:50 цагт түймрийг бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Вангийн Цагаан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 200 км-т, аймгийн төвөөс зүүн  урд зүгт 330 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 01:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 11 алба хаагч, 1 автомашинтай 02:20 цагт ангийн байрлалаас түймрийг унтраахаар хөдөлгөөн үйлдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Амиа хорлолт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн /аймгийн төвөөс урд зүгт 8 км, сумын төвөөс зүүн урд зүгт 28 км-т/ “Хилэнтийн гүүр” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн О /37 настай, эмэгтэй/ “Дэлгэрмөрөн” гол руу үсэрсэн тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 09:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулж, 09:56 цагт очиж, 9 минут ажиллаж, иргэн О-г голоос эсэн мэнд гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт цэвэр ус дамжуулах шугамын 3 метр гүнтэй ухсан нүхэнд тус аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Б /68 настай, эрэгтэй/ унасан тухай дуудлагыг 09.29-ний өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 20:58 цагт очиж, 28 минут ажиллаж, иргэн Б-г татан гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top