Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Увс аймгийн нутгаар шороон шуурга шуурч, Булган, Дархан, Орхон, Увс аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 4-9 градус, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Эрс сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 10-р сарын 2-нд зарим газраар, 3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-р сарын 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд автозасварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 11:56 цагт хүлээн авч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:02 цагт очиж, иргэн Ц-гийн эзэмшлийн 10х20 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт гал гарч байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 16:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 16:55 цагт очиж, иргэн З-гийн тагт дээр эд, хогшил шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 19:02 цагт очиж, иргэн Т-гийн 7х10 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж зарцуулсан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багт байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.01-ний өдрийн 05:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 05:32 цагт очиж, иргэн П-гийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Ялтын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 20 алба хаагч, ЗДТГ-ын 28 ажилтан, орон нутгийн 120 иргэн, нийт 184 хүн, 36 автомашинтай ажиллаж, 09.25-ны өдрийн 13:45 цагт түймрийг цурманд оруулж, 09.30-ны өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, тус сумын Оргих багийн Засаг дарга Л.Давхарбаяр, Байгаль орчны улсын хяналтын байцаагч Т.Бямбарагчаа нарт хүлээлгэн өгсөн.  /Урьдчилсан байдлаар 80.5 га талбай шатсан./

Хээрийн түймэрДорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Вангийн Цагаан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 200 км-т, аймгийн төвөөс зүүн  урд зүгт 330 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 12 алба хаагч, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 10 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 14 алба хаагч, Хилийн 0146 дугаар ангийн 11 алба хаагч, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 20 албан хаагч, нийт 79 алба хаагч, 9 автомашинтай ажиллаж, 10.01-ний өдрийн 04:00 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. /Түймэрт урьдчилсан байдлаар өргөн нь 27 км, урт нь 53 км-ийн хэмжээтэй талбай шатсан/

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Адаг долоон” гэдэг газар /аймгийн төвөөс зүн зүгт 260 км, сумын төвөөс баруун зүгт 140 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Матад сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 10 албан хаагч, “Петро-Чайна дачин тамсаг” ХК-ийн 24 ажилтан, нийт 34 хүн, 7 автомашинтай ажиллаж, мөн өдрийн 17:50 цагт түймрийг цурманд оруулж, 10:01-ний өдрийн 03:00 цагт бүрэн унтрааж, Матад сумын 6 дугаар багийн Засаг дарга Н.Пүрэвсүрэнд хүлээлгэн хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар өргөн нь 6 км, урт нь 10 км-ийн урттай талбай шатсан/

Ой, хээрийн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хойд нарийний-Ар” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 55 км, аймгийн төвөөс зүүн зүгт 235 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.30-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай мөн өдрийн 22:00 цагт түймрийн голомтод очиж, 23:35 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 107 км, тосгоны төвөөс хойд зүгт 6 км-т/ 2019.02.06-ны өдрийн 13:55 цагт иргэн Б-гийн жолоодож явсан “Лексус-470” загварын суудлын автомашин “Хөвсгөл” нууранд живсэн дуудлагаар ажиллаж автомашиныг гаргах боломжгүй байсан тул татан гаргах ажиллагааг 02.07-ны өдөр зогсоосон. Тухайн автомашиныг нуурын уснаас гаргаж өгөх хүсэлтийг 2019.09.30-ны өдөр иргэн Б-гээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 2 автомашинтай 09.30-ны өдрийн 16:45 цагт очиж, 30 метрийн гүнд 2 удаагийн шумбалтаар холболтыг хийж, эргээс 200 метрийн зайд (Катер N6071 загварын усан онгоцоор) татан авчирсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:37 цагт түр зогсоосон. 10.01-ны өдрийн 09:30 цагт дахин эхэлнэ.

Амиа хорлолт /аврах/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 4 давхар байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 18:43 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 19:50 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн Б /29 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байшингийн дээвэр дээрээс амиа хорлох зорилготой үсэрч болзошгүй байсныг ярилцлага хийж, аврах олс ашиглан буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, шинээр баригдаж байгаа 10 давхар барилгын цахилгаан шатны хөндийд цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг 09.30-ны өдрийн 10:45 цагт цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км замыг туулан 11:00 цагт очиж, харуулын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн  цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд нүхэн жорлонд цогцос байна гэсэн дуудлагыг 09.30-ны өдрийн 13:19 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 13:30 цагт очиж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /27 настай, эрэгтэй/-ийн цогцсыг 4 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргаж, цагдаагийн байгуулагад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top