Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 градус, Алтайн өвөр говиор 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим, 10,11-нд төвийн болон  зүүн аймгуудын нутгийн зарим газраар  хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи 9-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 9-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт хашаанд хураалттай байсан дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 2019.10.06-ны өдрийн 09:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1,5 км замыг туулан 09:33 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн зуслангийн задгайд 10х13 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны 16:12 цагт хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тасаг 5.5 км замыг туулан 16:19 цагт хүрэлцэн очиж 10х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 02:40 цаг ажиллан бүрэн унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2019.10.06-ны өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:54 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 01:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай тасаг 5.5 км замыг туулан 02:03 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, МУБИС-ийн дэргэд автозамын зорчих хэсэгт иргэн Д-гийн Toyota Prius-30 загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 22:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай тасаг 2.5 км замыг туулан 22:17 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрСүхбаатар аймгийн Уулбаян сумын Дэлгэр багийн “Тээгийн цагаан хошуу” гэдэг газар /сумын төвөөс  зүүн зүгт 40 км-т, аймгийн төвөөс баруун зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2019.10.06-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 автомашинтайгаар 40 км замыг туулан 13:10 цагт очиж, 4:46 цаг ажиллаж, 17:56 цагт түймрийг бүрэн унтрааж, тус сумын Дэлгэр багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Баянхангай сумын Баянхангай сумаас Заамар сум орох шороон зам дээр /Баянхангай сумаас баруун зүгт 1 километр, аймгийн төвөөс 153 км/-т Цээл сумын Талын хайрхан багийн иргэн Б /26 настай, эрэгтэй/-ийн жолоодож явсан “Аксент” загварын суудлын автомашин, “Прадо” загварын автомашинтай мөргөлдөж автомашины бүхээгний төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлага 10.06-ны өдрийн 15:30 цагт ирсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 154 километр зам туулан 18:20 цагт очиж 30 минут ажиллан иргэн Б /26 настай, эрэгтэй/, иргэн Э /26 настай, эмэгтэй/, иргэн Э /2 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байдалтай байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Мөн 4 настай хүүхэд цуг явж байгаад осолд орсон бэртэж гэмтээгүй Баянхангай сумын эмнэлэгт хүлээлгэж өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Жинст сумын Уулан багт иргэн Х /40 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлтэй/ 2019.10.04-ний өдрийн 12:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2019.10.06-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Жинст сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Цэнд-Аюушаар ахлуулсан 10 иргэн, 2 автомашин, 2 мотоцикльтой 2019.10.06-ны өдрийн 11:00 цагт эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн боловч олдоогүй тул 10.06-ны өдрийн 19:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. Нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтайгаар 10.07-ны шөнийн 01:10 цагт сумын төв рүү хөдөлж 03:10 цагт очсон.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд иргэн Г (34 настай, эр) 5 метр орчим жорлонд унасан тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 23:01 цагт хүлээн авч Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай тасаг 7 км замыг туулан 23:12 цагт очиж 50 минут ажиллаж гаргаж аван эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТөвийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top